Итгэмжлэлийн удирдах зөвлөлийн анхны хурлыг зохион байгууллаа.


Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 2017 онд шинэчлэгдэн батлагдсан бөгөөд тус хуулийн 17, 18 дугаар зүйлд тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтын талаар хуульчилан заасан байдаг. Тухайлбал, хуулийн 17.1-д Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоо нь Итгэмжлэлийн Удирдах зөвлөл, итгэмжлэлийн байгууллага, техникийн хороо, маргаан шийдвэрлэх комисс, итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага, итгэмжлэлийн шинжээч бүрдэнэ хэмээн тогтоосон.

Итгэмжлэлийн тогтолцооны оролцогч талуудын нэг болох Итгэмжлэлийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хуульд заасны дагуу итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Монгол Улсын Шадар сайд 2021 оны 02-р сарын 18-ны өдрийн 16 дугаар тушаал гаргаж баталсан.

Энэхүү Удирдах зөвлөл 2021 оны 08-р сарын 20-ны өдөр анхны хуралдаанаа хийж, Удирдах зөвлөлийн хурлын дэг, Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журам болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Итгэмжлэлийн тогтолцооны стратеги, бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулах Удирдах зөвлөлийн гишүүдэд ажлын өндөр амжилт хүсье.  

 

#MNAS

#Accreditation

2021-08-24