Итгэмжлэлийн алхамууд


Итгэмжлэлийн үе шат

Итгэмжлэлийн үйл явц нь олон тооны үе шатаас бүрдэнэ. Итгэмжлэлд хамрагдахаар горилж буй шаардлага, шалгуур нь итгэмжлэлийн төрлөөс хамааран өөр өөр байх боловч ерөнхий үйл явц нь нэг зарчмаар явагдана. Итгэмжлэлийн үйл явцыг ойлгоход тань туслах зорилгоор итгэмжлэлийн үе шатуудыг энд тоймлон үзүүлсэн.

1.  Итгэмжлэлд тавих шаардлага, баримт бичгүүдийг судлах

Итгэмжлүүлэх өргөдөл гаргахын өмнө үндэсний итгэмжлэлийн тогтолцооны шаардлагатай бүх баримт бичиг, стандарт, зааврыг анхааралтай судлаж танилцсан байна. Ингэснээр өргөдөл гаргах бэлтгэл ажил хангагдана. 

2.  Өргөдлийн материалыг бөглөж, бэлтгэх, хүсэлтийг итгэмжлэлийн байгууллагад гаргах

Өргөдлийн багц баримт бичигт өөрийн байгууллагынхаа үйл ажиллагааны тухай ерөнхий мэдээлэл, зарим үндсэн мэдээлэл, техникийн баримт бичгийг оруулсан байна. Шаардлагатай баримт бичгийг бэлтгэн бүрдүүлж, өргөдлийн маягтийг бөглөн итгэмжлэлийн өргөдлийг албан бичгийн хамт итгэмжлэлийн байгууллагад хүргүүлнэ. Энэ үед өргөдлийн төлбөрийг төлсөн байх шаардлагатай. Өргөдлийн материалд багтсан бүх мэдээллийг нууцлалын журмын дагуу хадгална.  

3.    Анхан шатны үзлэг

Үүнийг итгэмжлэлийн байгууллага гүйцэтгэнэ. Эхний үзлэгт дараах ажлууд хамаарна.  

  • Өргөдлийн багц баримт бичгийн иж бүрдлийг шалгах  (аливаа мэдээлэл орхигдсон эсхүл дутуу байвал итгэмжлэлийн байгууллагаас холбогдоно)
  • Өргөдөл хүлээн авсан өдрөөс нэг сарын дотор итгэмжлэлийн үнэлгээг явуулах боломж нөхцлийг тодорхойлно.
  • Өргөдөл гаргагчийн эрсдэлийн үнэлгээг (өр төлбөртэй эсэх асуудлаар) хийсэн байх.

Таны өргөдлийг цаашид үргэлжлүүлэх боломжтой гэж бид тодорхойлбол танай байгууллагад холбоо барьж мэдэгдэх ба итгэмжлэлийн үйл явц эхэлнэ.

Хэрэв таны өргөдлийг хүлээн аваагүй тохиолдолд танай байгууллагатай холбогдож, өргөдлийг хүлээн аваагүй шалтгааныг нарийвчлан тайлбарлана.  

4.    Үнэлгээний баримт бичгийн хяналт үзлэг

Энэ үе шатанд Итгэмжлэлийн байгууллага нь танайхаас өгсөн баримт бичгүүдэд хяналт үзлэгийг гүйцэтгэх бөгөөд танай менежментийн тогтолцоо, бодлого, журам тухайн итгэмжлэлийн хөтөлбөрийн холбогдох шаардлагад нийцэж буй эсэхийг магадлана. Энэхүү хяналт үзлэгээр аливаа үл тохирол илэрвэл үзлэг хийсэн ажилтан та бүхэнтэй холбогдож, шаардлагатай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн нэмэлт мэдээлэл ирүүлэхийг хүснэ. Итгэмжлэлийн байгууллага нь танай ирүүлсэн мэдээлэл дэх чухал гэсэн асуудлыг батлах нотолгоотой танилцах шаардлагатай гэж үзвэл урьдчилсан үнэлгээг  газар дээр нь явуулах  санал гаргаж болно.

5.   Газар дээрх үнэлгээ

Газар дээрх үнэлгээний хуваарийг гаргахын өмнө итгэмжлэлийн зардлын төлбөрийн тооцоог бэлтгэн танилцуулах ба өргөдөл гаргагч нь нэхэмжилсэн төлбөрийг газар дээрх үнэлгээний хуваарь гарахаас өмнө төлсөн байна.

Итгэмжлэлийн байгууллага нь танай байгууллагын үндсэн үйл ажиллагаа явуулж буй байнгын байршилтай ажлын байранд буюу үндсэн үйл ажиллагаа гүйцэтгэдэг алсын байршил болон бүртгэл хадгалагдаж буй газруудад айлчлан очиж үнэлгээг хийнэ.

Шаардлагатай тохиолдолд Итгэмжлэлийн байгууллага нь бусад үйл ажиллагаа хэрэгжүүлж буй суурин ажлын байр улмаар танай ажилтаны тохирлын үнэлгээ гүйцэтгэж байгаа байршилд айлчлан очиж болно.  

Үнэлгээний багт тэргүүлэх үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээч, ажиглагч нар багтана. Газар дээрх үнэлгээний итгэмжлэлийн баг итгэмжлэлийн шаардлагад нийцтэй байдлаа нотлох мэдээллийг шаардана. Үл тохирлууд илэрсэн тохиолдолд, залруулсан тухай нотолгоог ирүүлнэ. Танай байгууллага нь шаардлагатай  мэдээлэл бэлэн байлгах нөхцлийг бүрдүүлсэн байна. Үнэлгээний баг нь танай үйл ажиллагаа, бүх холбогдох баримт бичгүүд, бүртгэлийн тухай нарийвчилсан тэмдэглэлийг баримтжуулан хөтөлнө. 

6.   Хаалтын хурал

Газар дээрх үнэлгээ дууссаны дараа Итгэмжлэлийн баг өөрсдийн тэмдэглэл,  дүгнэлт, гэрчлэх үнэлгээний тайланг нэгтгэн хаалтын хурлын үед удирдлагад дэлгэрэнгүй танилцуулна. Тэргүүлэх үнэлгээний мэргэжилтэн нь хаалтын хурлыг удирдах ба дүгнэлт, тайланг нотлох баримттайгаар танилцуулна. Хаалтын хурлын эцэст дүгнэлтийн тайлангийн цахим буюу цаасан хуулбарыг хүргүүлнэ.  Дүгнэлтийн тайланг хүлээн авсанаа албан ёсоор мэдэгдэнэ. Аливаа илрүүлсэн үл тохирол, зөвлөмж мэдээлэлтэй холбоотой санал үл нийлэх зүйл байвал итгэмжлэлийн багтай газар дээр нь зөвлөлдөн хэлэлцэж шийдвэрлэнэ. Шийдэгдээгүй тохиолдолд бүх хувилбаруудыг бүртгэн тэмдэглэж, Итгэмжлэлийн байгууллагад мэдэгдэнэ. Нээлт болон хаалтын хуралд танай байгууллагын удирдах албан тушаалтан оролцуулах явдлыг дэмжинэ.

7.   Үнэлгээний дүгнэлт тайлангийн мөрөөр ажиллах

Үнэлгээний тайланг хүлээн авснаас нэг сарын (30 өдөр) дотор үнэлгээний тайлангийн мөрөөр төлөвлөгөө гарган, хариу арга авч залруулах заавар чиглэл өгнө. Дүгнэлт тайлангаар илэрсэн асуудал бүрээр холбогдох арга хэмжээний анхны төлөвлөгөөг Итгэмжлэлийн байгууллагад танилцуулах ба ажлын 10 өдөрт багтаан дүн шинжилгээ хийж, хариу мэдэгдэнэ. Хэрэв анхны төлөвлөгөө хангалтгүй бүрэн бус гэж үзвэл Итгэмжлэлийн байгууллага дараагийн арга хэмжээг авахаас өмнө төлөвлөгөөг сайжруулах  бололцоог хоёр дахь удаагаа олгоно.  Залруулсан тухай тайлан нотолгоог Итгэмжлэлийн байгууллагад ирүүлнэ. Залруулсан ажлын тайланг хүлээн авснаас хойш 90 хоногт багтаан гүйцэтгэл хангагдан хүлээн зөвшөөрөгдсөн байхыг шаардана. 

8.   Итгэмжлэлийн дүн шинжилгээ ба шийдвэр

Үнэлгээний багийн ахлагч үл тохирлуудыг залруулсан гэж үзсэнээр үнэлгээний баг итгэмжлэлийн эцсийн тайланг бичих ба өргөдөл гаргагч байгууллага нь итгэмжлэлийн шаардлагад нийцсэн эсэх талаарх зөвлөмжийг энэхүү тайланд тусгана. Итгэмжлэлийн байгууллага нь тайлан, бусад дагалдах баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийсний дараа Итгэмжлэлийн техникийн хорооны дүгнэлт гаргуулна. Техникийн хорооны дүгнэлт гарсаны дараа Итгэмжлэлийн байгууллагын дарга итгэмжлэл олгох (буюу өмнө итгэмжлэгдсэн байгууллагын хувьд итгэмжлэл сунгалтын) тухай эцсийн шийдвэрийг гаргана.

9.  Итгэмжлэлийн тухай мэдэгдэл

Хэрэв итгэмжлэл олгохгүй байх шийдвэр гарсан тохиолдолд (энэ шийдвэрт зарга үүсгэж болно)  үндэслэлийг та бүхэнд мэдэгдэнэ.  Итгэмжлэлийн эцсийн шийдвэр гарснаар Итгэмжлэлийн байгуулага Итгэмжлэлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурна. Итгэмжлэлийн хөтөлбөрийн бэлэг тэмдгийг хэрэглэх эрхийг олгох ба танай байгууллага журмын дагуу зар сурталчилгааны үйл ажиллагаандаа хэрэглэх боломжтой. Итгэмжлэлийн байгууллага “MNAS Итгэмжлэлийн гэрчилгээ”-г олгоно. Энэхүү гэрчилгээнд Итгэмжлэлийн байгууллагын дарга гарын үсэг зурах ба тамга дарж баталгаажуулсан байна. Итгэмжлэлийн байгууллага нь танай итгэмжлэлийн тухай мэдээллийг вэб сайтад байршуулан  мэдээлэх бөгөөд хүчин төгөлдөр гэрчилгээг олгоно.

Итгэмжлэлийн дараах алхамууд

Итгэмжлэлийг олгосны дараа итгэмжлэлийн мөчлөг үүсэх ба холбогдох үйл ажиллагаанууд нь тогтмол хуваариар явагдана. Үүнд давтан үнэлгээний айлчлал, магадлан хяналтын айлчлал, нотлох аудит багтана. Түүнчлэн Итгэмжлэлийн байгууллагаас танай итгэмжлэлийн хүрээнд тусгагдсан үйл ажиллагааны тогтмол байршил тус бүрд итгэмжлэлийн нэг мөчлөгт хамгийн багадаа нэг удаа очиж үнэлгээ хийсэн байхаар итгэмжлэлийн мөчлөгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. Итгэмжлэлийг олгосны дараа итгэмжлэлийн мөчлөг үүсэх ба холбогдох үйл ажиллагаанууд нь тогтмол хуваариар явагдана. Үүнд давтан үнэлгээний айлчлал, магадлан хяналтын айлчлал, нотлох аудит багтана. Түүнчлэн Итгэмжлэлийн байгууллагаас танай итгэмжлэлийн хүрээнд тусгагдсан үйл ажиллагааны тогтмол байршил тус бүрд итгэмжлэлийн нэг мөчлөгт хамгийн багадаа нэг удаа очиж үнэлгээ хийсэн байхаар итгэмжлэлийн мөчлөгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.