МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1981 оны 220-р тогтоолыг үндэслэн Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 369-р тогтоолоор Улсын хэмжилзүйн албыг удирдах ерөнхий газар байгуулагдаж, 1982 онд түүний бүтцэд “Бүтээгдэхүүний улсын сорилт туршилтын алба”-ыг Ш.Гарамжав удирдан, Ноос, нэхмэл сүлжмэл эдлэлийн, Арьс ширэн эдлэл, гутлын, Уул уурхай түлшний, хими бүтцийн шинжилгээний экспертиз лабораториудыг байгуулж улсын хэмжээнд бүтээгдэхүүний чанарын шинжилгээг 14 хүний орон тоотойгоор гүйцэтгэж эхэлсэн нь Монгол Улсад итгэмжлэлийн тогтолцоо бий болох үндсийг бүрдүүлжээ.
1985 онд тус лабораториос салбарлуулан Стандартчилсан загвар, техник арга зүйн лаборатори шинээр байгуулагдан эрхлэгчээр нь Д.Сүрэндулам томилогдон ажиллаж байжээ. Энэ үеэс хойш тус лаборатори нь гадаад, дотоодын лабораторитой хамтран ажиллах, эрдэм шинжилгээний ажлын төсөл хэрэгжүүлэн хүнс, цемент, хүдэр, баяжмал, уулын чулуулгийн найрлага, шинж чанарын стандартчилсан загвар зохион бүтээх, үр дүнгийн боловсруултанд хэмжилзүйн экспертиз хийх, батлуулах ажлыг хариуцан гүйцэтгэж байсан. Тухайн үед сорилтын үр дүнгийн бодит байдал, багаж, тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, аргын баталгаажуулалтад ашиглагддаг 43 стандартчилсан загварыг зохион бүтээж, бүртгэгдэн хадгалагдаж байжээ.
Энэхүү бааз суурин дээр тулгуурлан 1988 онд лабораторийн аттестатчиллын ажлыг эхлүүлж, Улаанбаатар хотод СнЗ-ийн дэргэдэх НАХЯ-ны сорилтын лаборатори, 4 дүүргийн ЭАХСХ-ын албаны лаборатори, Дархан, Сэлэнгэ, Дорнод, Увс аймгийн СХТ-ийн хүнсний лабораториуд аттестатчилалд хамрагдаж байсан түүхтэй.
“Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай” хууль 1994 оны 12 дугаар сард батлагдсан бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “...1.Эрх бүхий байгууллагаас тухайн лаборатори бүтээгдэхүүний нэг буюу хэд хэдэн үзүүлэлтийг холбогдох стандарт, аргачлалын дагуу үнэн зөв, зохих магадлалтайгаар тодорхойлох сорилт, туршилт,шинжилгээ / цаашид "сорилт" гэх/ хийх чадвартайг нь тогтоож, уг сорилтыг хийх эрх олгох үйл ажиллагааг лаборатори итгэмжлэх гэнэ...” гэж зааснаар Монгол Улсад итгэмжлэлийн тогтолцоо бий болж албан ёсоор хуульчлагдсан байна. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Геологийн төв лаборатори, Говь ХК-ийн лабораториуд 1995 онд, “Барилга архитектур” корпорацийн барилгын материалын баталгаажуулалтын байгууллага 1997 онд анх итгэмжлэгдэж байсан байна.