Монгол
Улсын Итгэмжлэлийн байгууллага (MNAS) нь олон улсын гурван томоохон
Итгэмжлэлийн байгууллагууд (IAF-Олон улсын итгэмжлэлийн форум, ILAC-Олон улсын
лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага, APAC-Ази Номхон далайн
итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын жинхэнэ гишүүн бөгөөд ISO/IEC
17011:2017 “Тохирлын үнэлгээ, Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх
итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг
хангаж, 2012 онд ISO/IEC 17025 Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн
чиглэлээр, 2016 онд ISO/IEC 17020 Техникийн хяналтынчиглэлээр, 2017 онд ISO/IEC
17065 Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт болон ISO/IEC 17021-1
Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын чиглэлээр дээрх олон улсын
байгууллагуудын Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр (MRA)-т нэгдсэн билээ.
Энэхүү
ХХЗХ-т нэгдсэнээр Монгол Улсад итгэмжлэгдсэн сорилт, техникийн хяналт,
баталгаажуулалтын үр дүнг дэлхийн 140 гаруй улс оронд давтан хийхгүйгээр хүлээн
зөвшөөрөх нөхцөл бүрдсэн бөгөөд энэ нь итгэмжлэлийн үндсэн зорилгын нэг болох
Худалдаан дахь техникийн саад тотгор (TBT)-ыг бууруулах ач холбогдолтой юм.
Тэгвэл МУ-ын Шадар сайд С.Амарсайханы өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд эдгээр менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг өргөтгөх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авсны үр дүнд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 45001), Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO/IEC 27001)-ны баталгаажуулалтын төрлөөр харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт хамрах хүрээгээ амжилттай өргөтгөлөө.
Хамгийн чухал нь үндэсний аж ахуйн нэгж, байгууллагууд ISO 45001, ISO/IEC 27001-ын баталгаажуулалт хийлгэхдээ гадны баталгаажуулалтын байгууллагын өндөр төлбөртэй үйлчилгээг авах шаардлагагүй болж байна.
ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ