Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, чанарын баталгаажуулалтыг сайжруулах шаардлага нэмэгдэж буйтай уялдан менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 14001, ISO 45001, ISO/IEC 27001 зэрэг стандартуудыг нэвтрүүлэх үйл явц идэвхжиж, улмаар тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баримт бичиг боловсруулах, аудитын бэлтгэл хангах мэргэжлийн зөвлөх үйлчилгээний эрэлт мэдэгдэхүйц өсөх хандлага ажиглагдаж байна.
Үүнтэй уялдан зөвлөх үйлчилгээ болон баталгаажуулалтын үйл ажиллагааны хоорондын институцийн зааг ялгаа сулрах, ашиг сонирхлын зөрчил үүсэх, бодит үндэслэлгүй амлалт өгөх, зах зээлд буруу ташаа ойлголт түгээх хандлага эрчимжиж, улмаар итгэмжлэлийн тогтолцооны найдвартай байдал, олон нийтийн итгэлцэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий болж байна.
Зарим тохиолдолд нэг байгууллагад нэг гэр бүлийн гишүүд сургалт, зөвлөх үйлчилгээ, аудит, баталгаажуулалтын чиглэлээр зэрэгцэн үйл ажиллагаа явуулснаас институцийн хараат бус, шударга байдлын суурь зарчим алдагдаж, үр дүнд нь байгууллагууд чанарын баталгаагүй үйлчилгээ авах, эдийн засаг, цаг хугацааны хувьд бодит хохирол хүлээх, улмаар хууль, хяналтын байгууллагад хандах тохиолдол бүртгэгдэх болсон байна.
Иймд Үндэсний Итгэмжлэлийн байгууллагын дарга, удирдлагууд тохирлын үнэлгээний итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын захирал, удирдлагуудтай шуурхай уулзалт, хуралдаан зохион байгуулж, дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Үүнд:
1. Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагууд хараат бус байдлаа бодитоор хангаж, зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай аливаа хэлбэрийн хамааралгүйгээр, шударга байдлыг бүрэн ханган ажиллах.
2. Итгэмжлэлгүй болон итгэмжлэлийн хамрах хүрээнээс давсан баталгаажуулалтын ажил, үйлчилгээ үзүүлэхийг хатуу хориглох.
3. Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагууд хариуцлага, ёс зүйн үүргээ бүрэн хэрэгжүүлж, чанд мөрдөн сахих.
4. Холбогдох олон улсын болон үндэсний стандартын шаардлага, шалгуурыг бүрэн ойлгон, хэрэгжүүлэх.
5. Хараат бус, шударга байдлыг хангах зорилгоор Шударга байдлын хорооны үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжит ашиг сонрхлын зөрчлийг системтэйгээр ил тод илрүүлэх, баримтжуулах.
6. Олон улсын Итгэмжлэлийн Форум (IAF), Ази, Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-д Монгол Улсын хүлээсэн үүрэг, олон улсын итгэмжлэлийн бодлого, зорилтыг тууштай хэрэгжүүлэх.
7. Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд баталгаажуулалтын байгууллагууд:
-тохирлын гэрчилгээний үнэгүйдэх эрсдэлийг бууруулах,
-тохирлын гэрчилгээг даатгалын тогтолцоотой уялдуулан хэрэгжүүлэх үйл явцыг сайжруулах,
-дээрх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, цаашид анхаарч ажиллах.
8. Салбарын нэр хүндийг өндөрт өргөх, чанартай ажил, үйлчилгээ үзүүлэх, зах зээлд түгээмэл буй буруу ойлголт үүсэхээс сэргийлэх, хууль зөрчигдөх эрсдэлийг бууруулах, салбарын ач холбогдол, үнэ цэнийг олон нийтэд сурталчлан таниулах мэдээлэл, сургалт, арга хэмжээ зохион байгуулах.
Уулзалтын төгсгөлд итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагуудын удирдлагуудын санал, тулгамдаж буй асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, Үндэсний Итгэмжлэлийн байгууллагаас зөвлөгөө, зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлов.
ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ