Үндэсний Итгэмжлэлийн төвөөс Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудад магадлах хяналт, шалгалтыг хуваарийн дагуу хийж байгаа бөгөөд 2026 оны 02-р сарын 02-08-ны өдрүүдэд Стандарт хэмжил зүйн газрын харьяа Нийслэлийн лаборатори, Үнэт металийн сорьцын төв ХХК, Сойл трэйд ХХК болон Налайх, Багануур дүүргийн сорилтын лабораторийн үйл ажиллагааг шалган ажиллаж байна.
Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Нийслэлийн лаборатори нь өөрийн үндсэн чиг үүргийн дагуу батлагдсан итгэмжлэлийн хүрээндээ үйл ажиллагаа явуулахаас гадна Налайх, Багануур дүүргийн сорилтын лаборатори, 21 аймгийн сүлжээ лабораторийг 2024 оны 11-р сараас нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, бодлого зохицуулалтыг хийхээр зохион байгуулалтын өөрчлөлт орсон.
Дээрх байгууллагуудын лабораториуд нь шаардлага, шалгуураа бүрэн хангаж байгаа эсэх, Үүнд:
- Орчин нөхцөл стандартын шаардлагад нийцэж буй байдал
- Техник, тоног төхөөрөмжийн алдаагүй ажиллагаа
- Боловсон хүчний чадамж
- Сорилт шинжилгээний үр дүн нь үнэн зөв бодитой гарч байгаа эсэх
- Нийслэлийн лаборатори нь сүлжээ лабораторуудыг удирдлагаар хэрхэн хангаж байгаа байдал
- Итгэмжлэгдсэн хүрээндээ үйл ажиллагаа явуулж байгаа эсэх
- Итгэмжлэлийн шаардлага, шалгуураа ханган ажиллаж байгаа эсэх гэх мэт олон чиглэлээр хяналт шалгалын ажил үргэлжилж байна.
Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга, удирдлагууд, мэргэшсэн албан хаагчдаас гадна Эмнэлзүйн лабораторийн тэнхимийн багш эмгэг судлаач эмч, АУ-ны доктор, дэд профессор Т.Хосбаяр, Монгол улсын зөвлөх инженер -Геологийн судалгаа шинжилгээний төвийн химийн шинжилгээний аргачлал хяналтын ахлах инженер Т.Энхбат, ГУ-ны магистр, мэргэшсэн инженер, техникийн шинжээч Ж.Бямбасүрэн болон бусад чиглэл чиглэлийн нарийн мэргэжлийн эрдэмтэн, доктор, туршлагатай хүмүүс ажиллаж байна.
Шалгалтын хүрээнд тухайн байгууллага итгэмжлэлийн шаардлага, шалгуураа хангахгүй, ноцтой үл тохирлууд гарсан тохиолдолд Итгэмжлэлийг түдгэлзүүлэх, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээг авч ажиллах юм.