Монгол
Улсын Их Хурлын 2024 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Үндэсний итгэмжлэлийн төв
(MNAS) нь Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001 болон холбогдох олон улсын стандартуудыг орчуулан үндэсний
болгох, төрийн болон бусад байгууллагад үе шаттайгаар нэвтрүүлэх, баталгаажуулах, үндэсний
итгэмжлэлийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар болон бусад холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.
Энэхүү
бодлогын хэрэгжилтийн хүрээнд Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2025 стандартын олон улсын сургалтыг
Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулж, олон улсын экспертүүдийг оролцуулан
үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээч,
аудиторын чадавхыг бэхжүүлэх, баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг дотооддоо
хэрэгжүүлэх суурийг бүрдүүлэв. Энэ нь Монгол Улс авлигын эсрэг менежментийн
тогтолцооны баталгаажуулалт, итгэмжлэлийг олон улсын шаардлагад нийцүүлэн бие даан
хэрэгжүүлэх чадавхтай болсныг илтгэж байна.
Уг
ажлын үр дүнд MNAS нь Ази-Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын
(APAC) Олон талт хүлээн зөвшөөрөх хэлэлцээр
(MRA)-ийн хүрээнд Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын дэд хамрах хүрээг Авлигын эсрэг
менежментийн тогтолцоо (ABMS, ISO 37001)-оор өргөтгөн, албан ёсоор
хүлээн зөвшөөрөгдсөнийг баталгаажуулж, APAC MRA гэрчилгээг шинэчлэн олгосон бөгөөд Монгол Улсын итгэмжлэлийн
тогтолцоо мэргэжлийн болон институцийн чадавх олон улсын түвшинд баталгаажлаа.
Мөн түүнчлэн Глобал Accreditation Cooperation
Arrangement Committee-ийн даргаас ирүүлсэн албан мэдэгдэлд MNAS нь APAC-ийн гишүүний
үүргийг тогтвортой, үр дүнтэй биелүүлж ирснийг онцлон тэмдэглэж, 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Авлигын эсрэг менежментийн
тогтолцооны дэд хүрээгээр APAC MRA-д нэгдэн хүлээн зөвшөөрөгдсөнийг албан ёсоор баталгаажуулсан
байна.
Энэхүү
бүс нутгийн болон глобал түвшний хүлээн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр нь Монгол Улсад ISO 37001 стандартад суурилсан
авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, баталгаажуулах,
итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын хэмжээнд харилцан
хүлээн зөвшөөрөх эрх зүйн болон институцийн баталгааг
бүрдүүлж, Монгол Улсаас олгосон баталгаажуулалтын гэрчилгээ, тохирлын үнэлгээний үр дүнг гадаад зах зээлд шууд
хүлээн зөвшөөрөх боломжийг бодитоор нэмэгдүүлж байна.
Түүнчлэн
энэхүү амжилт нь байгууллагуудын засаглал, дотоод хяналт, ил тод байдлыг сайжруулж,
улмаар Монгол Улсын авлигын индексийг шат дараатай бууруулах, шударга, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах
стратегийн ач холбогдолтой юм.
Цаашид
Үндэсний итгэмжлэлийн төв (MNAS) нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн итгэмжлэлийн
үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж, мэргэжилтэн, аудитор, техникийн шинжээчдийг
тасралтгүй бэлтгэн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ил тод байдал,
хариуцлагатай засаглал, авлигын эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэхэд чиглэн үйл ажиллагаагаа
үргэлжлүүлэх болно.