XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон медалиар шагнасаныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Хассуурийн Ганхуяг өнөөдөр Төрийн ордонд гардууллаа.
Ардын армийн цогц үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болж стандартын шаардлага, шалгуурт үйл ажиллагаагаа нийцүүлэн Итгэмжлэгдэн амжилттай ажиллаж байгаа Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторийн хошууч С.Сэргэлэнбатыг “Алтан гадас” одонгоор, ахлах ахлагч Б.Ариунзаяаг “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар өнөөдөр шагнаж урамшууллаа.
Зэвсэгт хүчний нэгдсэн лаборатори нь тэртээх 1962 онд Ардын цэргийн Ерөнхий штабын Химийн албаны захиргаанд Химийн лабораторийг нэгтгэл, анги, байгууллагуудад ашиглагдаж, хадгалагдаж байгаа цацраг идэвхт үүсгүүрүүдийн хувийн идэвхийг тодорхойлж, цацрагийн хордолтоос урьдчилан сэргийлэх, ашиглагдаж байгаа тусгай цэвэрлэгээ, ариутгалын бодис, утаат хэрэгслүүдэд химийн лабораторийн шинжилгээ хийж, чанар байдлыг тодорхойлох үндсэн үүрэгтэйгээр анхлан байгуулж байсан бөгөөд түүнээс хойш 1972 онд Мал эмнэлгийн бактери шинжилгээний лаборатори, 1973 онд Эрүүл зүйн бичил амь судлал-Химийн лаборатори, 1982 онд Шатахууны лаборатори, 1983 онд Хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эхлүүлж Монголын Ардын Армийн цогц үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болж байсан түүхтэй.
Харин хожим буюу 1999 оноос БХИС-ийн Хэмжил зүй, Химийн лаборатори болон Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Шатахууны лабораторийг нэгтгэн Зэвсэгт хүчний Төв лаборатори болгон зохион байгуулж, анх удаа бие даасан байдлаар ажиллуулж эхэлж, 2002 оноос Эрүүл зүйн бичил амь судлал-Химийн лаборатори, 2008 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторийг тус байгууллагын нэг хэсэг болгон ажиллаж байна.
Төрийн дээд шагналаар шагнагдсан албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүсье.