Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ын шинэчилсэн төслийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Үндэсний итгэмжлэлийн төв, Эс Эф Си Эс ХХК, Пийпл Ин Нийд, Тогтвортой санхүүжилтийн холбоо, Kingspan Mongolia ХХК, Увс Хүнс ХК, Иромик ХХК, Юрика ХХК болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцож, журмын хэрэгжилтийн нөхцөл, шалгуур үзүүлэлт, урамшууллын механизм, институцийн уялдааг тодорхой болгох чиглэлээр санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр өмнөх журмын хэрэгжилтэд баталгаажуулалтын тогтолцоо тодорхойгүй, шалгуур үзүүлэлт ойлгомжгүй байсан нь хүндрэл үүсгэж байсныг онцлон, шинэчилсэн төсөл нь бүртгэл болон урамшууллын үйл явцыг илүү тодорхой, ил тод болгоход чиглэж байгааг танилцууллаа. Оролцогчдын зүгээс гарсан саналыг нэгтгэж, журмыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах болно.