ХЭНТИЙ АЙМГИЙН ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД ИТГЭМЖЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА


Хэнтий аймгийн СХЗХ-ийн Сорилтын болон хэмжил зүйн лаборатори, ЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лаборатори, МЭГ-ын Мал эмнэлгийн лаборатори, ГХБХБГ-ын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа нь MNS ISO/IEC 17025 Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага стандартад, СХЗХ-ийн Баталгаажуулалтын албаны үйл ажиллагаа нь MNS ISO/IEC 17065 Тохирлын үнэлгээ. Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага стандартад, Автотээврийн үзлэгийн төвийн үйл ажиллагаа нь MNS ISO/IEC 17020 Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт хийх үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд ажиллаж хяналт хийж гүйцэтгэлээ.

Ажлын хэсэг Хэнтий аймгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, эрүүл хүнс хэрэглэх, аюулгүй тээврийн хэрэгсэл ашиглахад дэмжлэг үзүүлж тохирлын үнэлгээ хийдэг дээрх байгууллагуудын үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцэж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллалаа.

   

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн барилгын материалын лаборатори, мал эмнэлгийн болон хүнсний сорилтын лабораторийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах, зүүн аймгуудын тохирлын үнэлгээний байгууллагуудын хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийж, нэгж дамжуулалтыг хангах хэмжил зүйн лабораторийг тус аймагт төвлөрүүлэх боломж байна гэж ажлын хэсэг үзлээ.

Тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурт үргэлжлэн нийцэж ажиллахад анхаарч, харъяалах дээд байгууллагаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж итгэмжлэлд хамруулах нь зүйтэй талаар зөвлөмж өгч аймгийн удирдлагуудад  ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Гантулга ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах, цаашид Засгийн газрын бодлого шийдвэрт нийцүүлэн тохирлын үнэлгээний байгууллагын удирдлагууд санаачлагатай ажиллах тал дээр анхаарах нь зүйтэйг онцлон тэмдэглэв.

Мөн Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ итгэмжлэгдсэн байгууллагууд итгэмжлэлийн шаардлага шалгуурт үргэлжлэн нийцэж ажиллах тал дээр анхаарч ажиллахыг сануулснаас гадна бодлогын түвшинд шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын Шадар сайд, түүний ажлын албанд танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтойгоо илэрхийллээ.

2024-09-20