Танилцуулга


Танилцуулга

Үндэсний итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүний дэргэд ажилладаг, үндэсний итгэмжлэлийн байгууллага юм.

Үндэсний итгэмжлэлийн төвийн гол үүрэг нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, итгэмжлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь ISO/IEC 17011 стандартын шаардлагын дагуу менежментийн тогтолцоог бий болгож, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ ба хууль, зохицуулалт, холбогдох олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн, сорилт, шалгалт тохируулга, эмнэлгийн лаборатори, бүтээгдэхүүн, удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллага, техникийн хяналтын байгууллагыг итгэмжлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн бид итгэмжлэлийн үйл ажиллагааны бие даасан, шударга байдалд үл нийцэх үйл ажиллагаанд оролцохгүй байх, өөрийн үйл ажиллагааг бодитой, шударга, зөв тодорхой явуулах талаар мэдүүлсэн Шударга байдлын мэдэгдэл-ийг гаргаж, нийтэд нээлттэй байлгадаг.

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Үндэсний итгэмжлэлийн төв нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19.3-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:     

- тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаарх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;     

- тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх хамтын ажиллагааг хөгжүүлэх;     

- тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох;   

- тохирлын үнэлгээний итгэмжлэлийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх.

 

Үндэсний итгэмжлэлийн төв нь

Олон улсын итгэмжлэлийн форум (IAF),

Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC),

Ази, номхон далайн орнуудын бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-ын

жинхэнэ гишүүн бөгөөд эдгээр хамтын ажиллагааны байгууллагуудын Харилцан хүлээн зөвшөөрөх олон талт хэлэлцээр (IAF MLA & ILAC MRA)- т нэгдэн Монгол Улсын төлөөлж ажилладаг.

 

Үндэсний итгэмжлэлийн төвийн түүх

Монгол Улсад итгэмжлэлийн тогтолцоо анх 1994 онд “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай” хууль батлагдсанаар бий болсон ба лабораторийн итгэмжлэлийн үйл явц нь 1995 оноос эхэлсэн.

Энэ хугацаанд итгэмжлэлийн үйл ажиллагааг сорилт, шалгалт тохируулга, эмнэлгийн лаборатори, бүтээгдэхүүн, удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллага, техникийн хяналтын байгууллагын чиглэлээр явуулж байна. “Геологийн төв лаборатори”, “Говь” ХК-ийн лабораториуд 1995 онд, “Барилга архитектур” корпораци барилгын материал, бүтээгдэхүүний, “Эм, эмчилгээний сорилтын лаборатори” эмийн бүтээгдэхүүнийг баталгаажуулах чиглэлээр 1997 онд итгэмжлэгдсэн анхны тохирлын үнэлгээний байгууллагууд болж байжээ.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” Монгол Улсын хуулийг 2017 онд шинэчлэн баталсны дагуу тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, бие даасан, хараат бус байдлаар явуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 270 дугаар тогтоол гаргаж “Үндэсний итгэмжлэлийн төв”-ийг байгуулж, дүрмийг баталсан.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 08-р сарын 07-ны өдрийн 82 дугаар тушаалаар Үндэсний итгэмжлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинээр баталсан бөгөөд үүний дагуу тус төв нь 2020 оны 8-р сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн бие даасан хуулийн этгээд болж, Стандарт, хэмжил зүйн газраас үйл ажиллагаагаа тусгаарлан явуулж эхэлсэн.